01 цаг:
Нэг л өөр өдөр. Бороо ороосой гэж их хүссэнсэн. Амжуулах ажил, хичээл завгүй өдөр. Шүлэг болон хувирсан тэр эмэгтэйтэй хамт орон дотроо. Тэр намайг гунигт автуулж орхив.
02 цаг:
Нөгөө өрөөнд утас дугарав. Нойрмог дуугаар мэндэлсэн ярих төд удалгүй цовоо болж орхив.
…. харин тийм. Мэдэхгүй ээ. Жирэмсэн болоогүй байх өө…
….. аймар юм. Яаж би зоддог нөхөртэй болчихоогүй юм бэ…
Хана, хаалга, хөнжил минь тэр зовлонт яриаг халхалж үл чадна. Хөнжилөө нөмөрч, чихээ даран гар чийдэн асаан нөгөөх бүсгүйтэй ахин уулзав. Тэр намайг бодолд автуулж орхив.
03 цаг:
Гэрт чив чимээгүй. Өдрийн салхилсан салхи хааяа нэг үргэлжилж чимээ өгнө. Тэр бүсгүйтэй салах ёс хийхэд нүд минь нулимстай байлаа. Гэхдээ ханасан сэтгэл.
04 цаг:
Хулжсан нойр, ганцаардсан сэтгэл.
Буруу харан нулимсаа нуун хэвтэхэд, араас минь зөөлөн тэврэв. Ямар их хүлээв, хаашаа яваад ирэв, яагаад ингэж их даараа вэ?
Цээжинд нь налан уртаар санаа алдав. Одоо л уужирлаа.
09 цаг:
Үсийг минь зөөлөн илбэж, тийм нэг сайхан хоолойгоор миний нэрийг дуудлаа. Нойрмог нүдээ аажим нээхэд өмнө минь гэрэл цацарч, халуун илчээ өгөв. Гүйцэд нээн харвал өмнө минь амьд бурхан морилон иржээ. Ижий минь
Ганцаардлыг минь мэдрээ юу та минь
Нулимсны минь үнэрийг үнэрлээ юу та минь
Санасан сэтгэлийг минь олоо юу та минь
Бэтгэрсэн зүрхийг минь амраахаар ирээ юу та минь, Ижий минь
